Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-11-22 17:11:11

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян-2024”-ийн нээлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.


Аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилдэг. Энэ аяныг дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлжээ. Харин манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулсан байна. Түүнээс хойш 27 жил өнгөрчээ.


НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, тус санаачилгад нэгдэж Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээх болжээ.


ЦЕГ-ын мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 4,5 хувь, хүнд гэмт хэрэг 20,2 хувь, зөрчлийн тоо 24,3 хувиар нэмэгдсэн дүн гарсан байна.


УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул нар оролцон үг хэлж, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.


Дэлхий нийт 2024 онд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриа дэвшүүлжээ. Монгол улс “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- шалтаг бүү тооч” нэрийн дор аяныг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ