Румыний ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-25 13:30:55

БУХАРЕСТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /AFP/. Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску тэргүүлжээ. Саналын хуудсын 95.43 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тэрбээр 22.18 хувийн санал авсан байна.


Экзитпол буюу сонгогчдын хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнгээр ялах төлөвтэй байсан тус улсын одоогийн Ерөнхий сайд, Социал демократ намын дарга Марчел Чолаку 20.3 хувийн санал авсан байна. Түүний гол өрсөлдөгчид тооцогдож байсан, хэт барууны үзэл баримтлалтай "Румыний нэгдлийн төлөөх холбоо" (AUR) намын дарга Жорже Симион 14.18 хувийн саналаар дөрөвдүгээрт оржээ. Ингэснээр К.Жоржеску, М.Чолаку нар хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхөөр болж байна.


Өдгөө 62 настай К.Жоржеску "Румыний нэгдлийн төлөөх холбоо" намын гишүүн байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг Оросын талыг баримтлагч улстөрч гэж нэрлэх нь бий.


Энэ удаагийн сонгуульд нийт 13 нэр дэвшигч өрсөлджээ. Хоёр дахь шатны санал хураалт 12 дугаар сарын 8-нд болно. 

Холбоотой мэдээ