АРХАНГАЙ: Анх удаа болсон үндэсний бичгийн уралдаанд 459 сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-11-26 13:29:00

Эрдэнэбулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчдын дунд Үндэсний бичгийн уралдааныг “Худам бичиг өв түгээгч” НҮТББ-аас зохион байгууллаа.


Уралдааны VII ангийн төрөлд 4 дүгээр сургуулийн сурагч Б.Янжиндулам, VIII ангийн төрөлд Чулуут сумын сургуулийн сурагч Н.Наранцацрал, Батцэнгэл сумын сургуулийн сурагч Р.Буянтогтох, IX ангийн төрөлд Батцэнгэл сумын сургуулийн сурагч А.Эгшиглэн, М.Нандинзул, X ангийн төрөлд Чулуут сумын сургуулийн сурагч Г.Цэвэлмаа, XI ангийн төрөлд Эрдэнэмандал сумын сургуулийн сурагч Б.Баасансүрэн, XII ангийн төрөлд Хайрхан сумын сургуулийн сурагч П.Алтанболор, Өндөр-Улаан сумын сургуулийн сурагч Ш.Буянзул нар манлайлжээ.


Үндэсний бичгээ дээдлэн дэлгэрүүлж, сурталчлан таниулах, монгол бичгээ сурч, судалж буй сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлж, дэмжих зорилготой анх удаа зохион байгуулсан тус уралдаанд 459 сурагч оролцсон байна.


Энэхүү уралдаан нь дээрх зорилгодоо чиглэж, цаашид үндэсний бичгийг дэлгэрүүлэн судлах, хэрэглээ болгох шаардлага байгаа гэдгийг харуулж чадсан уралдаан боллоо гэдгийг “Худам бичиг өв түгээгч” НҮТББ-ын тэргүүн, тавдугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш О.Баасан ярив.


Мөн тэрээр “Энэ уралдааныг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, улс, бүсийн чанартай томоохон уралдаан болгож, уламжлал болгон явуулж байх томоохон зорилго тээж байна. Ингэснээр багш нар өөр хоорондоо харилцан туршлага солилцож, үндэсний бичгийг дэлгэрүүлэхэд нэгэн цогц санаа, үзэл бодлоо зангидаж, босоо бичгээ хэрэглээ болгоход нэг алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын зөвлөх багш Л.Даваахүү “Энэ уралдаан бидний хувьд гарааны оношилгоо, багш, сурагч бүхэн цаашид хэрхэн ажиллах, суралцахаа тодорхойлсон том хөшүүрэг боллоо” гэсэн нь уралдаан маань бидэнд маш том чиглэл, боломж, гарцыг нээж өгсөн гэж би хувьдаа харж байна” гэв.


Уралдаан болохын сацуу монгол бичгийн гайхамшгийг сурталчлан таниулж, үндэсний бичгийг сурахад зүй тогтлыг ухаарах, мөн ямар баялаг бичиг үсэг болохыг монгол бичгийн хэлбэр тал, агуулга талаас нь багш, сурагчдад үндэсний сургагч багш, докторант Б.Отгонбаатар өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.

 

Холбоотой мэдээ