Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувь, Мексик, Канад улсуудын бүх бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгджээ.
"Хятад улс фентанилын наймаачдад цаазаар авах ял оноох амлалтаа биелүүлээгүйн улмаас АНУ руу Мексикээр дамжин урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр мансууруулах бодис орж ирж байна. Үүнийг зогсоох хүртэл бид Хятадаас АНУ-д нийлүүлж буй бүх бүтээгдэхүүнээс 10 хувийн нэмэлт татвар авна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Д.Трамп мөн Мексик, Канад улсуудын "бүх бүтээгдэхүүнд" 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдээд, үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө энэ тухай тушаалд гарын үсэг зурна гэжээ.
Энэ сарын 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа, Д.Трампын засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
Хэрэв Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Илон Маск Вашингтон, Бээжингийн хооронд гол зуучлагч болж магадгүй гэж “Bloomberg” агентлаг 11 дүгээр сарын 4-нд мэдээлж байв. И.Маскийн “Tesla” компанийн нийт автомашины тал хувийг Хятадад үйлдвэрлэдэг. Хятадын тал тус компанид үйл ажиллагаа явуулахад нь тодорхой давуу талыг олгодог тул И.Маскийн хувьд Хятадын бүх бараанд 60 хувийн татвар ногдуулахыг хүсэж буй Д.Трампаас ялгаатай нь Хятадын цахилгаан машинд ногдуулах АНУ-ын тарифтай бизнесийн шалтгааны улмаас санал нийлэхгүй байгаага юм.