Төв аймгийн сонгуулийн ирц 38 хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-19 16:15:56
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд 12 цагийн байдлаар ирц 21.6 хувьтай явагдаж байсан бол одоо 16:00 цагийн байдлаар 38 хувьтай явагдаж байна.

Тус аймгийн 27 сумаас 14 сум нь одоогийн байдлаар ямар нэг  доголдолгүй ажиллаж байна. Үлдсэн 13 сумдад жижиг техникийн саатал гарсан ч асуудлыг газар дээр нь шийдвэрлэж одоо сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Түүнчлэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс сонгуулийн 98 хэсэгт улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн 104 ажилтан ажиллаж байна. Төв аймгийн ЗДТГ-ын зүгээс сонгуулийн үеэр шуурхай баг ажиллуулахтай холбоотой бүртгэлийн хэлтсийн даргын тушаал гарж хоёр машинтай шуурхай баг бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна.

Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирц бүрдүүлэлтийн тоног төхөөрөмжийн гэмтэл доголдолд голлон анхаарч ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сүмбэр суманд техникийн гэмтэл гарсан ч шуурхай засварласан байна. Мөн Сэргэлэн сумын хоёр хэсгийн хороонд компьютерийн цаг тохироогүйн улмаас нэг цагаар хоцорч байсныг шуурхай баг газар дээр нь засварлажээ. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Харин бусад хэсгийн хороодод ирц бүртгэлийн программ ямар нэг доголдолгүй явагдаж байна хэмээн Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн дарга Н.Энхбат хэллээ.

Төв аймгийн Зуунмод суманд 9 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнээс Зуунмод сумын тавдугаар багийн 1019-ээр хэсэгт сонгуулийн үйл явц ямар байгаа талаар Зуунмод сумын тавдугаар багийн 1019-ээр хэсгийн ахлах зохион байгуулагч Д.Хуягбаатар тодруулсан юм. Тус хэсэгт 2205 сонгогч саналаа өгөх ёстойгоос одоогийн байдлаар 706 иргэн саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц 43 хувьтай явагдаж байна хэмээн 1019-ээр хэсгийн ахлах зохион байгуулагч онцоллоо.

Аймгийн хэмжээнд 61245 сонгогч саналаа өгөхөөс түр хасав тэмдэглэгээтэй иргэдийг хасвал 59148 иргэн саналаа өгөх ёстой юм. Түүнчлэн аймгийн хэмжээд түр хасав тэмдэглэгээтэй болон өчигдөрийн зөөврийн санал авах хайрцагт саналаа өгч амжаагүй иргэд өнөөдрийн 22 цагт багтаан саналаа өгөх боломжтой байгааг албаны хүмүүс хэлж байна. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульдаа идэвхтэй оролцохыг Улсын бүртгэлийн хэлтэсээс уриалж байна.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ