Казахстаны ерөнхийлөгч Касым Токаевын “Эцгийн тухай дурсамж” номыг монгол хэлнээ хөрвүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-27 17:05:06

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Казахстаны хоёр дахь ерөнхийлөгч Касым Токаевын аавдаа зориулан бичсэн “Эцгийн тухай дурсамж” номыг орчуулагч Ю.Кручкин, О.Жаргал нар монгол хэлнээ хөрвүүлэн, Монголын уншигчдын хүртээл болгож байна.


Тус номын нээлт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болсон бөгөөд Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр монгол хэлээр орчуулсан нь энэ. Нээлтийн ёслолд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.


Улс төрийн ухааны доктор Токаев олон улсын харилцааны сэдвээр 10 орчим ном бичсэн бөгөөд дипломат албаны талаарх анхны эмхэтгэл нь “Даван туулах нь” гэсэн нэртэйгээр 2003 онд хэвлэгдэн гарч байжээ. Тэгвэл түүний аавдаа зориулсан “Эцгийн тухай дурсамж” дурдатгал номыг 2005 онд 52 насандаа бичсэн байх юм.


Номын оршил хэсэгт Токаев “Эрүүл ухаантай хүн бүр л амьдралынхаа туулсан замаа эргэн харж, өөрийн хийсэн зүйлс болон аливаа үйлдлээ дүгнэхдээ эцэг, эхийнхээ захиж хэлсэн үгтэй харьцуулж боддог юм шүү дээ. Тэр тусмаа амьдралынхаа 50 насны босгыг давсан хүмүүсийн хувьд энэ бол ердийн л зүйл болохоор би ч мөн адил өөрийн ах, дүүс, эцэг, эхийнхээ тухай сүүлийн хэдэн жилийн турш бодож байсан зүйлсээ ном болгон бичих нь зөв хэмээн бодсон хэрэг” хэмээн тэмдэглэсэн байна.  









Холбоотой мэдээ