ЗАВХАН: 17 сумын Засаг даргыг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-28 16:11:18

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завханы Асгат, Алдархаан, Цагаанчулуут, Отгон, Сонгино, Эрдэнэхайрхан, Түдэвтэй сумуудын Засаг даргыг томилжээ.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Асгат сумын Засаг дарга Ё.Нямрагчаа, Алдархаан сумын Засаг дарга Ю.Дэлгэрнасан, Цагаанчулуут сумын Засаг дарга Х.Баярмагнай, Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяр, Сонгино сумын Засаг дарга А.Хандмаа, Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир, Түдэвтэй сумын Засаг дарга Ц.Отгонбаяр нарыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөллөө.


Ингээд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар, тухайн сумдын ИТХ-ын тогтоол болон Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай дүгнэлтүүдийг үндэслэн нэр бүхий 7 сумын Засаг даргыг баталж томилсон байна.


Асгат сумын Засаг даргаар Ц.Ганхуяг,  Алдархаан сумын Засаг даргаар Ч.Тойвгоо, Цагаанчулуут сумын Засаг даргаар М.Нямсүрэн,  Отгон сумын Засаг даргаар Б.Бат-Оргил, Сонгино сумын Засаг даргаар С.Ганзориг, Эрдэнэхайрхан сумын Засаг даргаар Х.Балжинням, Түдэвтэй сумын Засаг даргаар Х.Саруул-Эрдэнэ нарыг томилох тухай захирамжийг гаргалаа.


Завхан аймаг 24 сумтай. Өнөөдрийн байдлаар аймгийн 17 сумын Засаг дарга нар томилогдоод байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ