Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ААНБ-ыг дэмжиж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгаас анх удаа төвийн бүсийнхэн Дархан хотод чуулж, цаашдын хөгжлөө хамтдаа ярилцаж байна.
Энэ удаагийн чуулганы зорилго нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэхээр зохион байгуулж байна.
Төвийн бүсийн хөгжлийн чуулган-Шинэ стандарт зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож байна.
Төвийн бүс нь Монгол Улсын хөгжлийн стратегийн төв юм. Хувийн хэвшлийн ААН-үүдийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах замаар бүсчилсэн хөгжлийг идэвхтэй явуулж, амжилттай хэрэгжүүлнэ гэж бодлого тодорхойлогчид үзэж байна.
Энэ хүрээнд Тусгай бүс, Хуурай боомт, Чөлөөт бүс, Үйлдвэрлэл технологийн паркуудад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн борлуулалтын сувгуудыг дэмжих шаардлагатай. Борлуулалтын бүсүүдийг 21 аймагт 70 суурин төв, 91 хөгжлийн төвүүдийг байгуулахаар тооцсон. Орон нутгийн хөгжлийн 10 төвийг төвийн бүсэд байгуулахаар төлөвлөжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6361 хоршоо байгуулж 66.000 гаруй малчин гишүүн болсны 700 гаруй нь төвийн бүсэд байна. Таван сарын хугацаанд нийт 14808 малчинд 517 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол төвийн бүсийн хэмжээнд ХАА-г дэмжих чиглэлд 80.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт барилга орон сууц, дэд бүтэц, хот төлөвлөлт, хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, их дээд сургууль зэрэг чиглэлд 11 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Төв аймагт 14, Сэлэнгэ аймагт 10 төсөл хэрэгжиж байна.
Дархан-Уул аймаг дулааны эрчим хүчний 30 хувийн нөөцтэй. Өсөн нэмэгдэх хүн ам, айл, ААН-ийн тоо, хэрэглээнээс хамааран энэ нөөц 2027 он гэхэд дуусна. 2028 оноос Улаанбаатар хоттой адилхан болох эрсдэлтэй болно. Тиймээс дулаан хангамжийн хоёрдогч эх үүсвэрийг тодорхойлж бий болгох зорилгоор шат, шатандаа бодлогын баримт бичгээ боловсруулан тооцоо судалгаа хийж байна.
Засгийн газар цаашид төвийн бүсийг ХАА, газар тариалангийн бүс нутаг болгон кластераар хөгжүүлэхээр зорьж байна. Тиймээс Дархан хотод ХХААХҮЯ-ыг нүүлгэн төвлөрүүлсэн. Энэ нь засгийн газрын бодлого бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна гэж чуулганд оролцогчид онцолж байна.
Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд хүний хөгжлийн бодлогыг илүү нарийвчлан тодорхойлж, системчилсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж Монгол Улсын Шадар сайд онцоллоо.
Чуулган салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа бөгөөд бүсийн тэргүүлэх чиглэл, онцлогт тулгуурлан хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах, төлөвлөлт, санхүүжилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэх юм. Мөн “Бүсийн хөгжил”, Бизнесийн хөгжил, Орон нутгийн хөгжил зэрэг салбар хуралдаанууд, “Тэсвэртэй хот” олон улсын форум, “онголын Энтрепренрүүдийн нэгдсэн чуулган зохион байгуулна.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, аймгийн бүх
шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага,
эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл оролцож
байна.