Гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж Израил, Хезболла хоёр бие биеэ буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЙЕРУСАЛИМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /VOA/. Израил, “Хезболла” бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш нэг хоног өнгөрсний дараа уг тохиролцоог зөрчсөн хэмээн талууд харилцан бие биенээ буруутгажээ.
Ливаны өмнөд нутагт дунд зайн тусгалтай пуужингууд хадгалах зориулалтаар “Хезболла”-гийн ашиглаж байсан байгууламж руу Израилын агаарын цэргийн хүчин пүрэв гарагт цохилт өгсөн гэж тус улсын цэргийнхэн мэдэгдсэн байна. Израилын тал мөн пүрэв гарагт өмнөд бүсийн хэд хэдэн газарт тээврийн хэрэгслүүдээр нэвтэрсэн “сэжиг бүхий хүмүүс” рүү гал нээсэн гэдгээ мэдэгджээ.
Харин “Хезболла”-гийн төлөөлөгч Хассан Фадлалла мэдэгдэхдээ, Израилын тал гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасан байна. Тэрбээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Израилын дайснууд хилийн тосгод руу буцан ирж буй хүмүүс рүү дайрч байна" гэжээ. Ливаны арми мөн хэлэлцээрийг зөрчсөн гэж Израилыг буруутгажээ. “Израилын дайснууд хэлэлцээрийг хэд хэдэн удаа зөрчиж, Ливаны нутаг дэвсгэрт агаараас цохилт өгч, янз бүрийн зэвсэг ашиглан дайрсныг" тус армийн командлал эш татсан байна.
Гал зогсоох хэлэлцээр лхагва гаргийн өглөө хүчин төгөлдөр болсон юм. Гэвч хоёр тал харилцан бие биеэ буруутгаж байгаа нь хэлэлцээр эмзэг хэврэг байгааг харуулж байна. Хэлэлцээрийн дагуу Литани голын өмнөд хэсэгт байрлах зөвшөөрөлгүй цэргийн байгууламжуудыг татан буулгах ёстой боловч голын хойд хэсэгт байрлах цэргийн байгууламжуудын талаар дурдаагүй байна.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Израилын тал Ливаны өмнөд нутгаас цэргээ татахад 60 хүртэл хоногийн хугацаа олгожээ. АНУ, Францын зуучлалаар байгуулсан уг эвлэрэл 60 хоног үргэлжилж, Израил ба Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн бүрэн зогсоно гэж найдаж байна.