ЗАВХАН: 442.1 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-29 11:00:10

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хүн амынхаа махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодоосоо хангаж байна.


Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Тус аймгийн хэмжээнд "Завхан хүнс" групп, “Саян ундарга" ХК, “Нисэх агро" ХХК,  “Сэцэн Агро” ХХК, "Тэс шим" хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


Өнөөдрийн байдлаар “Завхан хүнс” ХХК 18 тн хонины махыг Азербайжан улсад экспортолсон. “Саян ундарга” ХК адууны мах 300 тн, ямааны мах 131 тн, хонины мах 27.7 тонныг БНХАУ руу экспортолсон байна.


“Сэцэн Агро” ХХК үхрийн мах 21.5 тн, хонины мах 64.5 тн, нийт 86 тн махыг дотоодод борлуулжээ. Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Улиастай суманд мах боловсруулах нийт 5 үйлдвэр 300-2000 тн махыг хадгалах хүчин чадалтай зориулалтын зоорьтой гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Ташрамд, 2024-2025 оны өвөл, хаврын улиралд 219 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэхээр, 442.1 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх судалгаа гарсан байна. 

Холбоотой мэдээ