СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-29 21:44:57

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах ажлын баг байгууллаа.

 

Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ирээдүйн бүтээн байгуулалт, хөгжилтэй уялдуулан дахин шинэчилж боловсруулах шаардлага тулгарч байгаа юм.

 

Иймээс Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын удирдлагын баг, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран ажлын баг байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд нэг баг болон санал дүгнэлт, зураг төсөл боловсруулах ажилдаа ороод байна.

 

Тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан боловч дунд хугацааны 10 жилийн хугацаа нь дуусжээ. Мөн энэхүү хөгжлийн төлөвлөгөө нь бодит байдал дээр нийцэхгүй болсон учраас зайлшгүй шинэчлэх хэрэгцээ шаардлага гарсан байна.

 

Тодруулбал нэн түрүүнд Сүхбаатар хотод 70 МВт дулааны станц барьж байгаатай холбогдуулан дулаан цахилгаанаар ажиллах жижиг, дунд үйлдвэр нэмэгдэх, орон сууцжуулах зэрэг томоохон бодлогын чанартай ажлууд орж ирж байна.

 

Мөн Сүхбаатар суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөөс гадна аялал жуулчлал хөгжих бүрэн боломж байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газрууд Сүхбаатар хотыг тойроод байрладаг. Иймээс Сүхбаатар хот орчмын менежментийн аялал жуулчлалын төлөвлөгөөг боловсруулах шаардлага гарчээ.

 

Дээрх ажлын багийн боловсруулж байгаа Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зургийн ажил илүү цэгцтэй, ойлгомжтой, оновчтой, ирээдүйн хөгжилд чиглэсэн зураг төсөв болно хэмээн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат ярилаа. 

Холбоотой мэдээ