СҮХБААТАР: "Эрүүл монгол хүн" хөдөлгөөнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-02 16:21:02

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар хэрэгжиж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнд Сүхбаатар аймгийнхан нэгдэж, аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагчдыг "Эрүүл зөв хооллолт" сэдэвт сургалт, дасгал хөдөлгөөн болон иогийн хичээлд хамруулжээ.



Сүхбаатар аймгийн хүн амын дунд хоол боловсруулах замын болон хавдар, цусны даралт ихсэх өвчин зонхилдог. Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдийнхээс даруй арван насаар бага. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг. Эдгээр нь тухайн хүний амьдралын хэв маяг буюу буруу хооллолт, хорт зуршлын хэрэглээ, хэнэггүй зан, дасгал хөдөлгөөний дутагдалтай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Эрүүл байх хамгийн энгийн арга бол зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн хийх юм. Тиймээс үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан иргэн бүр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өөрөөсөө өөрчлөлтийг эхлүүлж, цаашлаад хайртай дотны хүмүүсээ уриалан дагуулах ёстойг хэллээ.


Эрүүл монгол хүн хөдөлгөөний хүрээнд аймгийн төвийн бүх төрийн байгууллага тодорхой хуваарийн дагуу байгууллага хамт олноо уриалсан, олон нийтийг хамруулсан нөлөөллийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 24-нийг хүртэл зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээ