Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өчигдөр өргөн барилаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт
баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 20-нд бүхэлд нь хориг
тавьсныг УИХ хүлээн авч, 11 дүгээр сарын 29-ний чуулганы
нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт
баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын 2025 оны төсвийн
төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт
даалгасны дагуу Засгийн газраас төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж байгаа юм.
Тэргүүн
шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн орлого, зарлага,
тэнцэл, бусад үзүүлэлтийг
дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгахаар заасан нь Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн
төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосныг тэмдэглэлээ.
Эдийн засгийн өсөлт ирэх онд 8 хувь байх төлөвтэй талаар
тэрбээр УИХ-ын дэд даргад
танилцуулав. Үүнд уул уурхай,
хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг
үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь нөлөөлнө хэмээн
тооцжээ. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал
үйлдвэрлэл, бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж,
худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрийн хүрээнд
хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онд эдийн засаг
6.5 орчим хувийн өсөлттэй байна гэж тооцжээ.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит
орлогыг нэмэхэд инфляцыг багасгаж, 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5 хувь,
2027 онд 4 хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгасныг Тэргүүн шадар
сайд онцоллоо. Инфляцыг багасгахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж
хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг
оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх,
төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6
дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагыг ханган боловсруулжээ.
Тухайлбал, гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын
санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс
гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн
тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. Мөн нэгдсэн төсвийн суурь тэнцлийг
ДНБ-ийн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасны дагуу нэгдсэн
төсвийн суурь тэнцэл 2025 онд 3.3 хувь, 2026-2027 онд 2 хувьтай тэнцэж байгаа
нь хуулийн холбогдох шаардлагыг хангаж байгаа юм байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан шинэ цаглаврын дагуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна хэмээгээд төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч бид хөгжлийн томоохон зорилтуудаасаа ухрахгүй гэлээ.
Төсвийн төсөлд
нэгдсэн төсвийн орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай
холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн
төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага, цэвэр зээлийн дүн 33.5 их
наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл
алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.5 хувийн ашигтай
болно гэж үзжээ.
Монгол Улсын
хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “урт хугацааны
тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” бөгөөд Эдийн засаг, Бүсчилсэн
хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын үндсэн бодлогын хүрээнд
өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудад үндэслэн тодорхойлж,
шаардлагатай салбарын реформыг эхлүүлж, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн
томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр тусгасныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.