Нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ- оос зөвлөмж ирүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-20 00:05:41

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багт сонгуулийн ирц хүрээгүй тул Сонгуулийн хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Нэмэлт санал хураалт явуулах болсонтой холбогдуулан СЕХ-оос зөвлөмж ирүүлэв.

Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн сумын сонгуулийн хороо гаргах бөгөөд шийдвэр гаргаснаас хойш 7 хоногийн дотор, амралтыг өдрийг товлон явуулах юм байна.

Нэмэлт санал хураалтад зөвхөн санал өгөөгүй сонгогч оролцож саналаа өгөх бөгөөд нэмэлт санал хураалтын ирцийг эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэхь санал хураалтын дүнг гаргана.

Санал хураалтын ирц хүрээгүй Рашаант багийн санал хураах байранд санал тоолох төхөөрөмжийг хэрхэн унтраах, саналын хайрцгаас гарсан саналын хуудсыг хэрхэн битүүмжилж лацдаж, хэсгийн хорооны техник хэрэгсэл, баримт бичгийг цагдаагийн хамгаалалтад байлгах талаар нэг бүрчилсэн зааврыг СЕХ–оос ирүүлжээ. Зөвлөмжийг аймгийн сонгуулийн хороо хүлээн авч, Эрдэнэдалай сумын сонгуулийн хороонд явуулаад байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ