ТӨВ: Ж.Мөнхбатын нэрэмжит 50 дахь удаагийн барилдаанд Д.Хүдэрбулга түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-06 17:35:31

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 50 дахь удаагийн залуучуудын аймгийн аварга шалгаруулах 3 үеийн чуулга барилдаан 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд болж, Төв аймгийн 14 сумын 300 гаруй бөх зодоглов.


Монгол үндэсний үнэт өв, үндэсний бөхийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залгамж халааг бэлтгэх, өсвөр үе, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, Их аваргын алдар гавьяаг залуу хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг чуулга барилдааныг энэ жил 8 насны ангиллаар зохион байгуулав.  


Насанд хүрэгчдийн ангилалд Өндөрширээт сумын харьяа бөх Д.Хүдэрбулга түрүүлж, Заамар сумын харьяат бөх Л.Даваажамц үзүүрлэж, Сүмбэр сумын харьяат Г.Ганжад, Дэлгэрхаан сумын харьяат Н.Баярбаатар нар шөвгөрчээ.



Залуучуудын насны ангилалд Бөхбилэгт дэвжээний бөх М.Баяржавхлан түрүүлж, Алдар спорт хорооны бөх З.Анхбаяр үзүүрлэсэн байна. Бөхбилэгт дэвжээний бөх Д.Дэлгэрдалай, Батсүмбэр сумын харьяат Н.Батбилгүүн нар шөвгөрлөө.  


18 насны ангилалд Бөхбилэгт дэвжээний бөх Д.Дагвадорж түрүүлж, Эрдэнэсант сумын харьяат бөх Б.Дорждэрэн үзүүрлэжээ. 17 насны ангилалд Батсүмбэр сумын харьяат бөх Ц.Буянтогтох түрүүлж, Заамар сумын харьяат бөх Б.Бат-Өлзий үзүүрлэсэн байна.


16 насны ангилалд Батсүмбэр сумын харьяат А.Төгөлдөр түрүүлж, Угтаалцайдам сумын харьяат бөх Д.Төгөлдөр үзүүрлэжээ. 15 насны ангилалд Батсүмбэр сумын харьяат П.Хангал түрүүлж, Бүрэн сумын харьяат Ж.Аривжих үзүүрлэв.


14 насны ангилалд Угтаал сумын харьяат Ж.Золбоо түрүүлж, Хүмүүн цогцолбор сургуулийн бөх Ч.Тэмүүжин үзүүрлэлээ. 13 насны ангилалд Эрдэнэсант сумын бөх Х.Хүслэн түрүүлж, 4 дүгээр сургуулийн бөх О.Идэржавхлан үзүүрлэсэн байна.

 

Барилдааны үеэр Ж.Мөнхбатын шагнал, түүхэн зураг, эдлэл хэрэглэл, ном сэтгүүл, хүүхдүүдийн гар зураг зэрэг 100 гаруй бүтээл дэлгэсэн “Их аварга” үзэсгэлэн гаргажээ.




Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат нь улсын наадамд 1963-1967 онд завсаргүй 5 удаа, 1974 онд 6 дахь удаа түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онд үзүүрлэн, 1961, 1968, 1969,1971, 1973, 1977, 1979, 1981, 1983, 1985, 1994 онд 11 удаа шөвгөрсөн. Түүнчлэн цагаан сарын барилдаанд  1963,1964,1968,1973,1976,1981 онд 6 удаа түрүүлж, 1966,1974,1975,1978 онд 4 удаа үзүүрлэсэн байна. 



Холбоотой мэдээ