“1960-аад оны ардчилагчид” эрдэм шинжилгээний хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-10 12:27:11

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “1960-аад оны ардчилагчид” эрдэм шинжилгээний судлалын хурал өнөөдөр УБИС-ийн 11-р байранд боллоо.


Хүний эрхийн өдрөөр зохион байгуулж буй тус хуралд түүхийн ухааны эрдэмтэн доктор, судлаачид “Социалист лагерийн улс орнуудын улс төрийн байдал, хямрал”, “Сэхээтнүүдийг хэлмэгдүүлэх аян хэзээ эхлэв?”, “1950-1960-аад оны БНМАУ дахь улс төрийн хэлмэгдүүлэлт ба 1964 оны МАХН-ын Төв хорооны 6-р бүгд хурал”, “Намын эсрэг бүлэг хэмээх зохиомол бүтэц буй болгосон учир”, “Намын эсрэг бүлгийнхний гэр бүл, үр хүүхдүүдийн иргэний эрх, эрх чөлөөг боомилж, хязгаарласан нь”, “Орчин цагийн үзэл санааны хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Нийгэмд улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршиг ямар хортой байдгийг хойч үедээ таниулах зорилготой тус хуралд хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд оролцсон юм.


“Дэлхий дахинд 1945-1960 онд улс төрийн байдал хурцадмал, социалист, капиталист орнууд үзэл бодлын өөр байр суурьтай байсан нь Монголын нийгэмд ч нөлөөлсөн. Хэлмэгдэгсэд улс орныхоо хөгжлийг өөр өнцгөөр харж, үгээ хэлж байсан юм. 1964 оны бүлэг нь зөвхөн хэсэг хүний асуудал биш Монголын түүхийн нэг хэсэг юм.


Монголын сэхээтнүүд 1950-1960 онд дөнгөж өсөж бойжиж байсан үе учир хөгжлийн бодлогыг ондоогоор төсөөлж, улс орныхоо төлөө өөрсдийгөө золиосолсон”-ыг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар дурдаж байлаа. 



Ц.Лоохуузын отгон хүү Сантцэрэн ярихдаа, “Ухаан орсон цагаасаа л эсэргүү хүний хүү гэж хэлүүлж өссөн болохоор амьдрал ийм л гэж ойлгодог байлаа. Аав минь 60 дөхөж байхдаа шоронгоос гараад Хөвсгөлийн Баянзүрх суманд 3 жил нутаг заагдахад би хамт явсан. Эсэргүүний хүү гээд дээрэлхүүлж, гадуурхагдан, зодоон хийж явсан үе бий. 16 хүрэхэд иргэний паспорт өгөөгүй, 18 нас хүрэхэд цэргийн зарлан ирээгүй, цэрэгт явъя гэхэд явуулаагүй, сонгуульд оролцдоггүй, амралт, зугаалга, сувилалд явах бол намын бүх шатны даргаас зөвшөөрөл авдаг гэх мэтээр, нэг ёсондоо хүний тооноос хасагдсан, зөвхөн амьд байх л эрх байж. Цаг наашилж, би 19 настайдаа паспорт авахад ээж минь ч паспорттой болж байлаа. Миний ээж 1964 онд хотын паспортоо хураалгаж, хөдөө яваад паспортгүй учир ажил хийж чадахгүй 4 хүүхдээ тэжээх гэж зовлон дундуур ноён нуруугаа алдахгүй явсан гайхалтай эмэгтэй бий. 1990 оноос нийгэм солигдсоноор бид эрхээ эдэлж хүн шиг амьдарч байна" хэмээн ярилаа.



Холбоотой мэдээ