ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тасагт нэмэлтээр ор дэлгэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-10 18:49:07

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин, амьсгалын дээд замын халдварт өвчний тохиолдол аймгийн хэмжээнд их байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож, түүнийг даган Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх тоо нэмэгдсээр байна.


Энэ сарын 10-ны байдлаар 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 111 хүүхэд буюу 86.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай бөгөөд нэмэлтээр 64 ор дэлгэжээ.


Аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж дараах шийдвэрийг гаргалаа.


Эрүүл мэндийн газрын гуравдугаар давхарт байрлах Уламжлалт бариа заслын тасагт 24 хүүхдийн ортой хэвтэн эмчлүүлэх түр тасаг нээж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллуулахаар боллоо.


Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-15:00 хүртэл уртасгасан цагаар ажиллах, өдөрт ажиллах эмнэлгийн боловсон хүчний тоог нэмэх, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа амны хаалт заавал хэрэглэх шийдвэр гаргав


Нэгдсэн эмнэлгийн ачаалал их байгаа тул эцэг, эх, асран хамгаалагчдыг харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.


Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан ЕБС-ийн сурагчдын дунд шинэ жилийн нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг аймгийн БШУГ-ын дарга гаргажээ.

 



Холбоотой мэдээ