Худалдаа хөгжлийн банк “2024 оны шилдэг байгууллагын банк”-аар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-11 09:47:57

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Euromoney сэтгүүл жил бүр дэлхий даяар банк, санхүүгийн салбарынхны ололт амжилтыг үнэлж, шилдгийн шилдгийг шалгаруулдаг шагналын хөтөлбөр болох “Awards for Excellence”-ийг зохион байгуулдаг билээ. Тэгвэл тус сэтгүүлээс 2024 оны “The Best Bank for Corporates” буюу “Шилдэг байгууллагын банк”-аар Худалдаа хөгжлийн банкийг шалгарууллаа. Ийнхүү ХХБ нь олон улсад Монгол улсыг төлөөлдөг тэргүүлэгч банк болохоо дахин нэг батлаад байна.


Худалдаа хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд банкны хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлд санал болгосон дүнгээс 126.4% илүү захиалга авч биелсэн, зах зээлээс босгосон нийт мөнгөн хөрөнгийн 50 орчим хувийг байгууллагын зээл, тодорхой хувийг ногоон санхүүжилтийн хүрээнд зарцуулж ирсэн түүхтэй.


Мөн энэ онд Худалдаа хөгжлийн банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац буюу DFC-тэй урт хугацааны санхүүжилтийн гэрээ байгуулсан юм. Тус санхүүжилт нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах юм. Түүнчлэн олон улсын зах зээлд 50 сая ам.доллар бүхий Ногоон болон Нийгмийн бондыг ХХБ гаргасан бөгөөд Монгол Улсын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шинэлэг санаа, шинэ алхмуудыг хийсээр байна.

Энэ мэт ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээ, бодлого, шинэ санаачилга дээр тулгуурлан Euromoney сэтгүүлээс ХХБ-ийг  “Монгол Улсын 2024 оны Шилдэг Байгууллагын Банк”-аар тодруулж, шагнасан байна.


ХХБ цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно.

 

Холбоотой мэдээ