ЗАВХАН: Уур амьсгалын тодорхойлолт нь цаг уурын өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх баримт болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-11 13:27:59

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ. Завхан аймгийн нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй. Агаарын температур 0,7 градусаас хасах 6,9 градус хэлбэлздэг.


Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.04 градусаар дулаарсан байна. Өвлийн улирлын температур 2.89 градус, зуны улирлын температур 1.39 градусаар дулаарчээ. 


Ялангуяа Идэр, Тэсийн голын сав нутгаар дулаарч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Дулааралт эрчимтэй явагдаж байгаа нутгаар өвөл, зуны температурын өөрчлөлт ерөнхийдөө ойролцоо байна.


Тухайлбал, Тосонцэнгэл өртөөнд өвлийн температурын өөрчлөлт 2.60 градус, зуных 2.36 градус,  Дөрвөлжинд өвлийнх 1.48 градус, зуных 1.64 градус байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой температурын огцом өөрчлөлт бий болж байна.


Агаарын температур нь аливаа нутгийн уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог.


Өөрөөр хэлбэл жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна. Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа нэгдүгээр сар байх бөгөөд аймгийн хойд болон зүүн хэсгээр сарын дундаж  температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл болдог.


Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагтай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-56 градус хүрч хүйтэрдэг.


Ер нь уур амьсгалын тодорхойлолтыг заавал тэдэн жилд нэг удаа хийнэ гэсэн зүйл байхгүй. Манай байгууллагаас 10, 5 жилийн давтамжтай гаргаж байгаа. Уур амьсгалын тодорхойлолтыг гаргаснаар хөдөө аж ахуйд гарах нөлөөллүүд, байгаль цаг уурын өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх. Тухайн сар, өдрийн цаг агаарын мэдээллийг гаргахад чухал баримт, судалгаа болдог гэж аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ