У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-13 11:22:17

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын хорооноос 2024 оны шилдгүүдээ тодрууллаа.


Улиран одож буй онд Монголын паралимпын шигшээ багийнхан “Парис-2024” наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртэж, монголчуудыг огшоосон. Түүнчлэн олон улсын тэмцээнүүдээс нэжгээд медаль авч, Монгол Улсынхаа төрийн дууллыг олонтаа эгшиглүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр “Улаанбаатар” зочид буудал оны шилдгүүдээ тодруулах ёслолоо зохион байгуулсан бөгөөд энэ жил үзүүлсэн амжилтаараа хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав шилдгийн шилдэг тамирчнаар тодорчээ. Түүний хувьд “Парис-2024” паралимпын наадамд түрүүлснээс гадна Ази болон ЕАШТ-ээс алт, дэлхийн чансаа тогтоох болон дэлхийн цомын цувралаас мөнгөн медаль хүртсэн байна.


Харин шилдэг эмэгтэй тамирчнаар пара байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ, эрэгтэй тамирчнаар “Парис-2024” наадмаас мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ, гавьяат тамирчин Ц.Баттулга, Г.Болор-Эрдэнэ нар шалгарав. Түүнчлэн “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, “Шилдэг холбоо”-гоор таеквондогийн холбоог нэрлэсэн байна. Мөн шилдэг дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Д.Батнасан, Д.Махашири нар тодров. Үүнээс гадна өвөл, зуны паралимпын долоо, Азийн хоёр паралимпын наадмыг сурвалжилсан МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Батжаргалыг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнажээ. Бусад шилдгүүдийг танилцуулъя.


Шилдэг дэмжигч

“Нэт капитал” санхүүгийн групп. Тус групп паралимпын наадмын эрх авсан 12 тамирчныг санхүү болон бэлтгэлийн хувцас ивээн тэтгэжээ.

Шилдэг ивээн тэтгэгч

“Улаанбаатар барилга үйлдвэрийн комбинат-2” компани. Тус байгууллага нь паралимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, МҮПХ-ны үйл ажиллагааг 2009 оноос ивээн тэтгэж байгаа

Шилдэг сурталчлагч

“Централ” телевиз. Зуны паралимпын наадмыг орон даяар шууд дамжуулж, Монголд пара спортыг сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.

Шилдэг залуу тамирчин

Пара пауэрлифтингийн дэлхийн цомын алт, залуучуудын Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон 18 настай Д.Жигмэдийг тодруулав. 









































Холбоотой мэдээ