Батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулснаар эрчим хүчийг төвийн системд нийлүүлж байна.
Ингэснээр 25 мянган айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм. Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын гэрээг энэ оны есдүгээр сард байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ.
“Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей
хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Энэ сарын нэгнээс батарейн туршилт, тохируулгыг хийж, 12 дугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг
нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсний дараа 3, 4 дүгээр блокыг ашиглалтад оруулж, нийт 40-50 МВт чадлыг төвийн системд
нийлүүлж байна. Одоогоор батарей
хуримтлуурын станц бүрэн чадлаар хоёр удаа төвийн системд эрчим хүчийг
нийлүүлсэн бол 12 өдөрт 1800МВт
эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна. Батарей хуримтлуурын станц бүрэн
хүчин чадлаараа ажилласан үед 25 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах
боломжтой” гэжээ.
Харин “Энвижн энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чен
“Багануурын батарей хуримтлуурын станц дээр манай компаниас 27 ширхэг багц
батарейг нийлүүлсэн. Нэг багц батарей нь дотроо 2 хэсэг болж хуваагддаг.
Батарей хуримтлуурын станц нь хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж,
хэрэглээ их оройн цагт
цахилгаан эрчим хүч нийлүүлдэг онцлогтой. Ингэснээр тус станц нүүрс хүчлийн хий
ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх
үүсвэртэй юм. Цаашид илүү чадлын батарей хуримтлуурын станц, салхин цахилгаан станцыг нийлүүлэх
зорилготой” хэмээв.
“Улаанбаатар энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх “Батарей хуримтлуурын станцын туршилт, тохируулга хийж дууссан, станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ хугацаанд тоног төхөөрөмжүүдэд гэмтэл, саад учраагүй. Төсөлд монгол инженерүүд гар бие оролцож, цаашид бие даан удирдах бэлтгэлээ хангасан” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.