ЗАВХАН: Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд эрт илрүүлэгт хамрагдах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-17 13:49:41

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ. Завхан аймагт 700 гаруй хавдартай өвчтөн хяналтад байдаг.


Энэ онд 4570 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 139 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна. Үүнээс хожуу үеийн хавдар 20, эрт үеийн хавдар 4, хүнд зэргийн эсийн гажиг 7, хөнгөн зэргийн эсийн гажиг 10 илэрчээ. Өнөөдрийн байдлаар 76 хавдрын тохиолдол шинээр бүртгэгджээ.


Жил ирэх тусам хавдрын өвчлөл, ялангуяа хоол боловсруулах замын хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа учир энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулах нь чухал. Тиймээс орон нутагтаа ажиллаж байгаа хоол боловсруулах замын дурангийн эмч, сувилагч нарыг чадавхжуулах, шаардлагатай, яаралтай хагалгааг орон нутагтаа хийдэг болсон. Ялангуяа эмч, сувилагч нарыг гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн эмч нартай хамтран ажлын байран дээр дадлагажуулах гэхчлэн ажлуудыг орон нутагтаа зохион байгуулж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Ташрамд, Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутагт нэвтрүүлэх зорилт дэвшүүлж “Чадварлаг эмч” үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.


Энэ ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, эмч нар харилцан туршлага солилцох, ажлын байрандаа ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг үр дүнтэй ажлууд хийж байна. 

Холбоотой мэдээ