ДУНДГОВЬ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90 хувь хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-16 19:46:49
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2024-2025 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл 90 орчим хувьтай хангагджээ.  


Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврын хэрэгжилт 93 хувь, аймгийн Засаг даргын албан даалгаварын хэрэгжилт 82 хувьтай хангагдсан ба аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 76,5 хувь, малчдын бэлтгэх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 83,8 хувьтай байна.


Тус аймаг 2023 оны жилийн эцсийн  мал тооллогын дүнгээр 3 661 115 толгой мал тоолуулж, 2024 оны өвөл, хавар нийт малын 8.7 хувь нь хорогдсон ба хавар 723 136 төл хүлээн авчээ. Урьдчилсан байдлаар тус аймгийн хэмжээнд 3,4 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 4,7 сая толгой мал өвөлжиж хаваржихаар тооцоо гарсан байна.


Өнөөдрийн байдлаар өөр аймгийн нутагт 54 өрхийн 33,8 мянган толгой мал, өөрийн аймаг дотор 18 өрхийн 18,6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа ба улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 19,8 мянган толгой мал оторлохоор захиалга хүргүүлжээ.


Судалгаагаар бэлчээрийн хүрэлцээ хангамж 82,2 хувь, ашиглахад бэлэн бэлчээрийн уст цэгийн хангалт 94,4 хувьтай хэмээн тодорхойоод байна. 2024 онд улсын болон орон нутгийн төсөв, малчдын нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр инженерийн хийцтэй 18 худаг, 23 цооног, энгийн уурхайн 29 худаг сэргээн засварласан байна.


Малын хашаа хорооны хангамж 97,4 хувьтай байгаа ба энэ жил бодын хашаа 14, богийн хашаа 21-ийг шинээр барьж тохижуулжээ. 

Холбоотой мэдээ