Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,5 сая төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-18 12:23:29

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 52 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.6 мянган ажиллагч хамрагдсан байна.


Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1632-оор, энэ оны 2 дугаар улирлаас 351-ээр нэмэгджээ. Харин ажиллагчдын тоо 2023 оны мөн үеийнхээс 19.5 мянгаар, өмнөх улирлынхаас 11.9 мянгаар мөн нэмэгджээ.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн хувьд:

  • 118.6 мянга нь боловсролын салбарынх,
  • 111.3 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх,
  • 79.7 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх,
  • 72.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааны салбарынх,
  • 51.4 мянга нь барилгын салбарынх,
  • 49.7 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх,
  • 49.7 мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарынх,
  • 46.9 мянга нь уул уурхай, олборлолтын салбарынх,
  • 30.3 мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх,
  • 28.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх,
  • 148.5 мянга нь бусад салбарынх,

Шимтгэл төлөлтийн энэ оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 787.6 мянган ажиллагчдын сарын голч цалин 2024.3 мянган төгрөг байна. Голч цалин 2023 оныхоос 467.9 мянган төгрөгөөр их байна.


Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 3 дугаар улирлын байдлаар 2479.6 мянган төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 470.3 мянган төгрөгөөр, энэ оны 2 дугаар улирлаас 14.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн салбарын ангиллаараа уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 348.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.6 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 300.4 мянган төгрөгөөр их байна.


Гуравдугаар улирлын тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг тэдний цалин, орлогын бүлгээрээ 2-3 сая төгрөгийн цалинтай даатгуулагч хамгийн их 26 хувь, 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагч хамгийн бага 2.6 хувьтай гарчээ.

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаардаг. Тухайлбал, ажиллагчдын тоо ахих тутам сарын дундаж цалин илүү байх жишээтэй.


Сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод 2.6 сая байгаа нь улсын дунджаас 83.9мянган төгрөгөөр их, бусад бүсэд 24.9-503.2 мянган төгрөгөөр бага байна.


Байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3.1 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдынх 2.8 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдынх 2.5 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 22.1-590.2 мянган төгрөгөөр дээгүүр... Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 153.6- 1068.2 мянган төгрөгөөр доогуур байгаа аж.


Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.2 сая төгрөг, хүйс хоорондын зөрүү 580500 төгрөг байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар буурчээ.


Сарын дундаж цалин байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 8.3-38.3 хувиар их, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 7.4-24.9 хувиар их байгаа юм Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд менежерийн ажил, мэргэжилтэй хүмүүсийн сарын дундаж цалин хамгийн их 3.1 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1047.9 мянган төгрөгөөр илүү байна. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.4 сая төгрөг буюу хамгийн бага байгаа юм. Гэвч 2023 оны мөн үеийнхээс 251.7 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Холбоотой мэдээ