ЗАВХАН: Боловсролын салбарт хамгийн олон барилга байгууламжийг улсын төсвөөр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2025 онд 68.9 тэрбум
төгрөгийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Тухайлбал, боловсролын салбарт хамгийн олон буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 барилга байгууламж барина.
Аймгийн төв, Улиастай суманд 3-р цэцэрлэгийн 200 ортой барилгын өргөтгөл, Хөгжим бүжгийн сургуулийн 150 ортой дотуур байрны барилга, Политехникийн коллежийн дотуур байрны барилгууд тус тус барина.
Отгон, Эрдэнэхайрхан, Тэс, Түдэвтэй суманд
цэцэрлэгийн барилга барина. Баянтэс, Сантмаргаз, Тэлмэн суманд иргэдэд
үйлчлэх мэдээллийн төвийн барилга барих бол Улиастай суманд Хүний хөгжлийн
ордны барилга 4479.7 тэрбум төгрөгийн өртгөөр барьж 2026 онд ашиглалтад оруулах
юм. Эрүүл мэндийн салбарт Улиастай, Тосонцэнгэл Баянхайрхан суманд 3 барилга
байгууламж барина. Дулааны станц, шугам сүлжээний 3 бүтээн байгуулалтыг
улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх юм.
Ирэх онд Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого шийдвэрүүдтэй уялдуулан орон нутгийн дэд бүтэц, хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтуудад илүү анхаарна. Тодруулбал, “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөөгийн сумдын тохижилт бүтээн байгуулалт, аймгийн төв, Улиастай хотын тохижилт бүтээн байгуулалтыг сайжруулахад илүү анхаарсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймаг 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжсэн. Ирэх онд нийгмийн салбарын хувьд илүү анхаарч орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд ажиллана гэв.