ЗАВХАН: Хүүхдүүд гамшгийн эрсдэлийг уран зургаар дамжуулан таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-19 10:36:01

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан гамшгийн эрсдэлийн талаарх сэдэвчилсэн зургийн уралдаанд 215 сурагч оролцжээ.


Завхан аймгийн Онцгой байдлын газар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран гамшгийн эрсдэл гэж юу болох, гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн оролцох, ямар бэлтгэлийг хангах зэрэг ойлголт мэдлэгийг таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.


Уралдаанд нийт 215 сурагч оролцож, бүтээлүүдээ ирүүлсэн байна. Энэ уралдаанд оролцогчид нь гамшгийн олон төрлийг гар зургаар илэрхийлэхээс гадна, гамшиг осол хаана хэрхэн яаж нөлөөлж байгааг дүрслэн үзүүлснээрээ онцлогтой байв.


Уралдаанд олон шилдэг, сонирхолтой шийдэлтэй гар зургийн бүтээлүүд ирснээс тэргүүн байрыг Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч Л.Шугархүү эзэлж, хоёр гуравдугаар байрт Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангийн сурагч Б.Түвшинзаяа, 9б ангийн сурагч Ө.Буяндэлгэр нар шалгарлаа.


Тусгай байрт Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 6б ангийн сурагч Б.Нямсүрэн, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 7б ангийн сурагч М.Дүүрэнжаргал нар шалгарч, шагнууллаа.


Энэ удаагийн уралдаан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх. Тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг таниулах, сурталчлах зорилготой юм.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Онцгой байдлын газарт үзэсгэлэн гаргах, цахим орчинд байршуулж олон нийтэд сурталчлах юм.


Ямар нэгэн гамшгийн талаар хүн бүр мэдлэг ойлголттой байж, эрсдэлээ тооцож үнэлдэг төлөвлөгөөтэй байх нь чухал юм. Гамшиг гэдэгт зөвхөн байгалийн гамшгийг хамааруулах нь өрөөсгөл юм. Хэмжээ хязгаар нь хэтрэхээрээ ямар ч зүйл гамшиг болж хувирдаг. 


Гамшгийн үед хүн айж сандарснаас яахаа мэдэхгүй гацах, зугтах, эсвэл тэмцэж эхлэх гэсэн гурван төрлийн хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Гэхдээ иргэд бэлтгэлгүй байдгаас гамшгийн үед хаана, хэнд дуудлага өгөхөө мэддэггүй. Үүнээс болж цаг хугацаа алддаг. Өөрөөр хэлбэл, иргэд өөрөө гамшигт нэрвэгдэхээс нааш бэлэн байдлаа хангах талаар огт бодохгүй, мэдэхгүй байна.


Тиймээс хүүхдүүдэд багаас нь гамшиг, анхны тусламжийн талаар байнга хичээл ордог байх нь чухал юм. Дээрх уралдаанд амжилттай оролцохын тулд ерөнхий боловсролын сургуулиуд гамшиг осол, эрсдэл гэж юу болох талаарх ойлголтыг хүүхдүүдэд таниулсан өгөөжтэй уралдаан боллоо. Учир нь уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдийн идэвх, тооноос харагдаж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

6-р ангийн хүүхдүүдийн бүтээл


Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 7Б ангийн сурагч М.Дүүрэнжаргал 


Гамшгийн эрсдэл хүүхдүүдийн нүдээр

Холбоотой мэдээ