Хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдыг Кори Гауф тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-20 10:09:42

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /РИА Новости/. Форбес сэтгүүлээс гаргасан 2024 оны дэлхийн хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг Америкийн теннисчин Кори Гауф тэргүүлжээ.   


Улиран одож буй онд тэрбээр 34,4 сая ам.долларын орлого олсон байна. Үүнээс тэмцээн уралдааны шагнал нь 9,4 сая доллар, зар сурталчилгаанаас олсон орлого нь 25 сая доллар болжээ.


Жагсаалтын хоёрдугаарт дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Польшийн теннисчин Ига Швёнтек орсон бөгөөд түүний жилийн орлого нь 23,8 сая ам.доллар болсон байна. Үүнээс тэмцээн уралдааны шагнал нь 8,8 сая доллар, ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээ хэлцлийн үнийн дүн 15 сая доллар юм. Өнгөрсөн 2023 онд тэрбээр 23,9 сая долларын орлого олсноор чансааг тэргүүлсэн байна.   


Гуравдугаарт, 2024 онд 22,1 сая долларын орлого олсон Хятадын фристайлын тамирчин Эйлин Гү бичигдлээ. Түүний тэмцээн уралдааны шагнал нь ердөө 100 мянган доллар бол зар сурталчилгаа ба ивээн тэтгэгчидтэй байгуулсан гэрээ хэлцлээс 22 сая доллар олжээ.  


Мөн хамгийн их орлоготой ТОП-20 эмэгтэй тамирчдын жагсаалтад Беларусийн теннисчин, дэлхийн чансааг тэргүүлж буй Арина Соболенко /5 дугаар байр, орлого – 18,7 сая доллар/, Казахстаны теннисчин Елена Рыбакина /15 дугаар байр, 7,9 сая доллар/ нар багтжээ. 

Холбоотой мэдээ