ОРХОН: “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг нийслэлийн үзэгчдэд толилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид Монгол Улс тунхагласны 100 жилийн ойд зориулан 11 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг үзэгчдэд толилуулсан юм.
Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амар агсны ажил амьдрал, төрд зүтгэсэн он жилүүдийг өгүүлсэн энэхүү жүжгийг тус театрын уран бүтээлчид анх удаа тайзнаа амилуулж, аймгийн үзэгчдийнхээ хүртээл болгоод удаагүй байна.
"Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийн зохиолыг Битогтогтохын Цогнэмэх бичиж, хөгжмийн зохиолчоор МУУГЗ, Аранза буюу Б.Бат-Эрдэнэ, найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажилласан байна.
Жүжгийн гол дүрийг жүжигчин Н.Пүрэвдорж бүтээж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан А.Амарын тухай 11 үзэгдэлт түүхэн жүжгээр дамжуулан төрийн хүний үйл хэрэг, үүрэг хариуцлага, ноён нуруу, алсын хараа, мэдлэг оюуныг тод томруунаар тодотгон, үзэгчдийнхээ мэлмий оюунд хүргэсэн юм.
Тэгвэл ирэх онд Монголын төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын амьдрал, үйлсийг харуулах “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг 2025 оны нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотын УДЭТ-ын тайзнаа тоглохоор болж, уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.