Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ням гарагт мэдэгдэхдээ, Бүгд Найрамдах нам Конгрессын хоёр танхим болон Цагаан ордонд хяналт тавих тул үүрэгт ажилдаа орсон эхний өдрөөс "трансжендэр солиорлыг зогсооно" гэжээ.
“Хүүхдийн бэлгийн боловсролыг зэрэмдэглэдэг явдлыг таслан зогсоох тухай зарлигт гарын үсэг зурж, манай арми, манай бага, дунд, ахлах сургуулиудад хэрэгжүүлж буй трансжендэрүүдийн талаарх бодлогоос татгалзана” гэж тэрбээр Аризона муж улсын Феникс хотноо болсон залуу консервативчуудын хуралд оролцохдоо мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн "эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй" гэж амлаад "АНУ-ын засгийн газар зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно" гэжээ.
Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуульд ялсан муж улсуудын нэгэнд болсон “AmericaFest” бага хурлын үеэр Д.Трамп мөн цагаачдын гэмт хэрэгтэй тэмцэхээ амлаж, Панамын сувгийг АНУ-ын хяналтад буцааж авна гэж давтан мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Конгресс ирэх оны батлан хамгаалахын төсвийг батлахдаа эцэг эх нь цэрэгт алба хааж байгаа трансжендэр хүүхдүүдэд зориулсан тусламж үйлчилгээний санхүүжилтийг хориглосон заалтыг оруулжээ.