Дархан сумын 15 багт нэмэлт санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-20 19:18:03

Дархан-Уул аймгийн Сонгуулийн Хорооноос хэвлэлийн хурал хийж сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулав.

Тус аймгийн Сонгуульд нийт 39 хэсгийн хороо ажиллаж санал хурааснаас Дархан сумын 31 хэсгийн хорооноос таван хэсгийн хороо буюу 9, 15 дугаар багийн тус бүр хоёр, “Өргөө” багийн нэг хэсгийн хорооны сонгогчдын ирц 50 хувиас дээш гарч санал хураалтыг нь хүчинтэйд тооцжээ. Мөн Шарын гол, Хонгор сумын тус бүр 3, Орхон суманд 2 хэсгийн хорооны санал хураалт хуулийн хүрээнд хүчинтэйд тооцогдсон бол аймгийн дүнгээр 50 хувьд хүрээгүй байна.

Аймгийн Сонгуулийн Хорооны дарга Ч.Энхбат:-“Аймгийн хэмжээнд өчигдрийн 22 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт дуусч ирцийн мэдээг нэгтгэж үзэхэд хөдөөгийн гурван сумын ирц бүрэн бүрдэж Дархан сумын 18 багаас гуравт нь ирц хүрээд 15 багт ирц хүрсэнгүй. Иймд Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөмж ирүүлсний дагуу Дархан сумын Сонгуулийн хороо хуралдаж энэ сарын 22-ний бямба гарагт дээр дурдсан саналын ирц хүрээгүй 15 багт нэмэлт санал хураалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Бид хурлаараа нэмэлт санал хураалт явуулах тогтоол гаргаж холбогдох багуудад хүргүүлж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдэгдэх ажлын хийж эхэлсэн.

Түүнчлэн өчигдөр сонгуулийн санал хураалт явагдах үед тус аймгийн зарим томоохон үйлдвэрүүд ажилласан гэсэн мэдээлэл ирсэн. Иймээс тэдгээрийг хуульд зааснаар ажиллагсадаа амрааж саналаа өгөх боломжоор хангаж ажиллахыг уриаллаа. Нэмэлт санал хураалт нь саналаа өгөөгүй үлдсэн сонгогчдод хамаатай учир тэднийг иргэний үүргээ биелүүлэхийг хүсч шаардах ажлыг хэсгийн хороо, багууд зохион байгуулж байна” гэв.

                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ