В.Пансан: Өв соёлын эх ундарга нь эсгий гэр, нүүдэлчин ахуй амьдралд л байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга малчин, Биет бус өвийн II их наадмын алтан медальт, шилдэг өвлөн уламжлагч В.Пансан гуайтай цөөн хөрөм ярилцлаа.
-Малчин ардын дундаас ерөөлч, магтаалч хүмүүс төрөх нь түлхүү юмуу гэж бодогддог. Таны хувьд ерөөл, магтаалыг хэрхэн сурч байв?
-Монголын өв соёл, зан заншлыг мал аж ахуйгаас ялгаж салгаж ойлгох аргагүй юм. Өв соёлын эх ундарга нь эсгий гэр, нүүдэлчин ахуй амьдралд л байна. Тэрийг хойч үедээ өвлүүлж, ам дамжуулан уламжилж ирсэн түүхтэй. Одоо ч түгээн дэлгэрүүлсээр байна. Миний хувьд багаасаа ерөөл, магтаалыг цээжилж ирсэн. Ээж маань хүүхдийн даахь авах, эсгий хийх, шинэ гэр барих үеэр айлд их уригдаж, ерөөл дууддаг хүн байлаа. Би ээжээсээ өвлөж, бага багаар хөгжүүлж ирсэн.
-Одоогоор залуу малчид ерөөл, магтаал, цол дуудаж сурахыг хэр их сонирхож байна вэ?
-Ерөөлч, магтаалч малчид олон бий. Миний сургасан хүүхдүүд ихэнх нь сургууль соёлоор явчих юм. Мал малладаг хоёр, гурван хүүхэд бий. Ач, зээ нартаа бүгдэд нь зааж сургаж байна. Манай аймгийн соёл урлагийн байгууллага миний энэ хичээл зүтгэлийг үнэлж, өвлөн уламжлагч болгосон. Сая аймгийн ерөөлч, магтаалчдын анхдугаар уралдаанд урьж оролцууллаа. Энэ уралдааныг ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээтэй зохиож, олон хүн ирж оролцох байх гэж бодож байна.
-Та аймгийн хамгийн олон тэмээтэй аварга малчин. Тэмээн сүргээ магтаж ерөөсөн уран бүтээл арвин уу?
-Өөрөө бичсэн ч юм бий. Алдарт ерөөлч, магтаалч Жанцанцоогийн “Таван хошуу малын магтаал”-ыг их уншдаг байлаа. Сая уралдаанд дуудагдсан
Урд талаар нь ухаа хонгортон байгаа
Өнөр өтгөн тэмээн сүрэг минь
Өсөх шинжтэй, үржил ихтэй
Үй олноороо байна гээд миний л хэлсэн үг байгаа юм. Түүнээс уламжлагдаж ирсэн, бичигдсэн зүйл биш л дээ.