БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-02 14:00:45

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД /олон жилийн дундаж/-аас хүйтэн, хур тунадас Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас ахиу байх төлөвтэй байгааг УЦУОША-наас мэдээлэв.


Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг уярах боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр хадгалагдаж, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч ОЖД-аас 3-6 хэмээр хүйтэн байна. Бусад хугацаанд ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй.


Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүйг мөн мэдээллээ.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна. Мөн цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэдэг байна.


Сонирхуулахад, Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны нэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-8 хэмээр дулаан байсан нь 1979 оноос хойших хамгийн дулаан нэгдүгээр сар болсон бол 2011 оны нэгдүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-9 хэмээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн нэгдүгээр сар болжээ. Мөн 1987 болон 2010 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай нэгдүгээр сар болсон байна. Харин 1993, 2020 оны нэгдүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойших хамгийн бага тунадастай нэгдүгээр сар болжээ.

Холбоотой мэдээ