Монголд анх удаа хүүхэд хамгааллын асуудалд хөндлөнгийн аудит хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2024 онд баталсан сэдвийн хүрээнд “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт” сэдэвт аудитыг дөрвөн сарын хугацаанд хийсэн байна.
Энэ нь Азид хүүхэд хамгааллаар аудит хийсэн анхны тохиолдол болж байгаа юм. Хүүхэд хамгааллын асуудлыг үнэлдэг долоон шалгуурыг барьж, хянажээ.
Уг аутидаар долоон дүгнэлт, 17 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн аж. Энэ талаар Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн газрын аудитын менежер Б.Батчимэг ийнхүү ярилаа.
Тэрбээр “Хүүхдийн эрх нь дөрвөн үндсэн зарчимтай. Үүний нэг нь хүүхэд хамгаалал. Энэ аудитаар багагүй зөрчил илэрсэн. Манай хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт сайжруулах шатанд яваа гэсэн ерөнхий дүгнэлт гарлаа. Судалгаанаас үзэхэд хүүхэд хамгааллын бодлогыг иргэд таньж мэдээгүй, хэрэгжүүлж хэвшээгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай байна гэсэн үг. Тиймээс хэвшүүлэх шатандаа байна гэж дүгнэсэн. Ер нь бол хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрнээ хамгаалах тал дээр сул байна. Түүнчлэн хяналт тогтолцоо буюу хариуцлагын хүрээнд дөрвөн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Мөн үйлчилгээний үр дүн хамгийн хүртээмж муутай, сул байгаа учраас сайжруулах шаардлагатай байна. Үүнээс гадна байгууллага хоорондын уялдаа холбоо хүүхэд хамгааллын салбарт асар их дутагдалтай байгааг аудитын шалгалтаар тогтоосон. Энэ асуудал нь өөрөө маш олон талыг хамруулдаг учраас уялдаа холбоо хангагдахгүйгээс болж хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж муу байна. Нэг ёсондоо хүүхэд хамгаалал нь очих ёстой эзэндээ очиж чаддаггүй үйлчилгээний доголдол бий болжээ. Үүнээс гадна санхүүжилт жил бүр нэмэгдэж байгаа ч хүүхдийн эрх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талдаа түлхүү зарцуулсныг тогтоосон. Харин хамгаалал чиглэлдээ дутагдалтай байгаа учраас яам, бодлогын газруудад анхааруулга өгсөн” хэмээлээ.
Монгол Улс 2016 оноос өмнө үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого, төлөвлөгөө, засаглалын тогтолцоо байгаагүйг тайланд тусгасан байна. Улмаар хүүхэд хамгааллын үйлчилгээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах бэлтгэгдсэн боловсон хүчин хүний нөөц хангалтгүй, хүүхдийн эрхийг хангах талаар үр дүнтэй ажил байхгүй байжээ. Тэгвэл 1990 онд НҮБ-ын ХЭК-д нэгдэн орсноор 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоор эрх зүйн орчныг бий болгож, тусламжийн утас, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, улсын байцаагч зэрэг үйлчилгээ үзүүлэгч талуудаар дамжуулан хүүхэд хамгааллын бодлого, тогтолцоог сайжруулах нөхцөлийг бүрдүүлж ирсэн байна.
Ингэснээр
хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, эрүүл
мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучлах, гэмт хэрэг, зөрчлийг
мөрдөн шалгах, шаардлагатай тохиолдолд шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх, хууль
зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах, асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд
хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зэрэг хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх
хууль, эрх зүйн зохицуулалттай болжээ.