СҮХБААТАР: Аймгийн цагдаагийн газарт хоёр авто машин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-09 19:08:11

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 73 сая 900 мянган төгрөгийн санхүүжилтээр аймгийн Цагдаагийн газарт бүрэн тоноглосон приус 30 маркийн хоёр авто машиныг хүлээлгэн өглөө.

 

Тодруулбал, Баруун-Урт сумын ЗДТГ-аас  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

Баруун-Урт сумыг айх айдасгүй, амар тайван хот болохыг зорьж буй. Энэхүү зорилгыг бодит ажил болгоход Цагдаагийн газрын үүрэг оролцоо маш их. Тиймээс нэн тэргүүнд цагдаагийн байгууллагаа бэхжүүлж, үйл ажиллагаагаа явуулахад нь ямар нэг асуудал үүсгэхгүй байхыг чухалчилж байгаа. Цаашид ч шаардлагатай хөрөнгө оруулалтыг шат дараатай шийдэж, дэмжин ажиллана гэдгээ сумын засаг дарга Ж.Жавхаатөгс хэллээ.

 

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт сүүлийн жилүүдэд авто машины парк шинэчлэл энэ мэт үе шаттай хийж байна. Үүний үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт урд оноос өссөн үзүүлэлттэй байна. 2024 онд үйлдэгдсэн нийт гэмт хэрэг, зөрчийн 58,8 хувийг илрүүлжээ. 

 

Холбоотой мэдээ