Аймгийн төсвийн орлогыг бууруулж баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-21 16:25:34

Өнөөдөр хуралдаж байгаа Увс аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар аймгийн 2016 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн төсвийн орлогыг 6,02 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 11,4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 3,04 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийг 38,08 тэрбум төгрөгөөр, аймгийн төсвийн зарлагыг 59,6 тэрбум төгрөгөөр тус тус батлаж өгөх саналыг аймгийн ЗДТГ-аас оруулж ирсэн юм.

Хурлын төлөөлөгчид энэ асуудлыг тал талаас нь авч хэлэлцэж, санал дүгнэлтээ хэлж байлаа. Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед зардлаа хэмнэх, аль болох үр ашигтай зүйлд хөрөнгө зарах, улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийг сайн хянах тал дээр хаана хаанаа анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг зарим төлөөлөгчид хэлж байв. Ээлжит хуралдаанаар аймгийн төсвийн орлогыг 58,5 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 11,4 тэрбум төгрөгөөр, аймгийн 2016 оны төсвийн зарлагын хэмжээг 59,6 тэрбум төгрөгөөр, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 1,5 тэрбум төгрөгөөр, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 5,6 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийг 38,2 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Увс аймгийн ИТХ-аар хэлэлцэх хоёр асуудлын эхнийх нь ийнхүү батлагдлаа. Одоо аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны журамыг хэлэлцэж байгаа ба илтгэлийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Х.Дашзэвэг тавьж хэлэлцүүлж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ