ГОВЬ-АЛТАЙ: Зүү эмчилгээний кабинетыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэг зүү эмчилгээний өрөөтэй боллоо.
“Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд Eсөнбулаг сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт “Зүү эмчилгээний кабинет”-ыг нэгдүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар зүү эмчилгээгээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм. Зүү эмчилгээний онцлог нь үр дүн сайтай, аюул багатай, орчин үед дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа эмчилгээний арга бөгөөд дан 8, үндсэн 15 суваг, 15 хэрдэст зүүг тавьж биологийн идэвхт сувгаар дамжуулан бие махбодын дотоод тэнцвэр хадгалах, сэргээх идэвхжүүлэх эсвэл бууруулах нөлөөг үзүүлдэг ажээ.
Тодруулбал, зүү эмчилгээ судлалын тусламж үйлчилгээ нь үрэвсэл дарах, өвдөлт намдаах, тайвшруулах, бодисын солилцоог сайжруулдгаараа давуу талтай юм. Үүний сацуу зүү эмчилгээг төөнө эмчилгээ, бумба эмчилгээ бусад зүүний эмчилгээний аргуудтай хавсруулан хэрэглэх чухал ач холбогдолтой юм.