СҮХБААТАР: Есөн хоршоо нэгдэж дундын хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-23 11:46:27

Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдэрлэл, фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн хоршоо нэгдэж, Сүхбаатар аймагт анхны “Мандах наран сүүн далай” дундын хоршоог байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


Тус дундын хоршоо нь одоогоор сүүний чиглэлийн 100 гаруй үнээтэй, үүндээ түшиглэн нэн тэргүүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Нэг аяга сүү" хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, Баруун-Урт суманд байгаа таван сургууль, 11 цэцэрлэгийн хүүхдүүдийг үйлдвэрийн аргаар боловсруулж ариутгасан стандартын шаардлага хангасан сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах ажлыг нэн тэргүүнд эхлүүлнэ.


Мөн Сүхбаатар хөгжил ҮТП-ийг түшиглэн байгуулсан сүүний үйлдвэрийг сэргээж, ашиглалтад оруулахад анхаарна. Ингэснээр орон нутгийн иргэдийг сүү, цагаан идээгээр жилийн дөрвөн улиралд хангах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа дундын хоршооны дарга О.Ганзориг хэллээ.


“Мандах наран сүүн далай” дундын хоршоо цаашид органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, байгалийн хадлан, ногоон тэжээл бэлтгэх, худалдаа, бууз, банш үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн үлдвэрлэл, авто замын ачаа тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Харин үүний тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зориулалтын газрын асуудлыг шийдвэрлэх, дэд бүтэц буюу тог цахилгаан, худгийг орон нутгийн төсвөөр байгуулах, дундын хоршоог хүү багатай зээл, төсөл хөтөлбөрт хамруулахад дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлагуудаас хүслээ.


Дундын хоршооны мэдээлэл, ажлын эхлэлтэй танилцсан аймгийн Засаг дарга М.Идэрбат хоршоод нэгдэж хамтарч байгааг сайшаагаад, цаашид тэдний ажлыг бүх талаар нь дэмжиж, тавьсан хүсэлт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Холбоотой мэдээ