Азийн топ багуудтай Монголын лигийн аварга баг өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-2026 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулахаар болсныг зохион байгуулагчид өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Энэхүү лигт Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Макао, Хонконгийн лигийн аварга багууд өрсөлддөг байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны улирлын аваргаар тодорсон баг ирэх есдүгээр сард эхлэх Зүүн Азийн супер лигт өрсөлдөх болжээ.
Энэ нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм. Нэг баг улиралд хэсгийн шатанд зургаан тоглолт хийх бөгөөд үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно. Шагналын сан 2.5 сая ам.доллар. Баг тус бүр хожлоосоо бонус авах зэрэг олон боломжтай аж. Тус лигийн тэмцээнд МСБХ-ны Үндэсний дээд лигийн багууд нэгдсэнээр Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.
Зүүн Азийн супер
лигийг 18 улсад шууд дамжуулдаг
бөгөөд нэг тоглолтыг дунджаар
найман сая орчим үзэгч
үздэг аж. Тиймээс Монголын сагсан
бөмбөгийн спортын хөгжил, цаашлаад эх орноо олон улсад сурталчлах үүд хаалга
нээгдэж байна гэсэн үг. Лигийн тэмцээний албан ёсны хуваарь ирэх зургаадугаар сард тодорхой болно. Харин есдүгээр сараас лигийн
тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх аж.