Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг эцсийн замд нь үдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсантай салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдэх төрийн ёслол боллоо.
Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсөг өнөө өглөө Улсын III төв
эмнэлгээс хөдөлж, Төрийн ордонд ирэх хүртэлх хугацаанд Тээврийн цагдаагийн
албаны Замын цагдаагийн газрын болон Төрийн хүндэт харуулын ангийн алба хаагчид
залж явав. Хөсгийг дагалдаж ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн алба хаагчид гашуудлын ая тоглож дагалдав.
Үүний дараа талийгаачийн шарилыг Төрийн ордны “Их Монгол”
танхимын хойморт хүндэтгэн залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын
гишүүд, албаны бусад хүмүүс хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол
Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн
Очирбат нь эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн
инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж,
төр, түмнийхээ төлөө ухамсарт амьдралаа зориулсан эрхэм хүмүүн байсан
хэмээгээд, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст нь хандаж Монголын төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Талийгаачийн шарилыг Төрийн ордноос Алтан-Өлгий рүү тээвэрлэхийн
өмнө Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж,
Төрийн хүндэт харуул гурван удаа ёслолын буудлага хийв.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах тухай зарлиг гаргасан юм. Зарлигийн дагуу өнөөдөр 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж, ишний гуравны хоёрт хүртэл буулгаад буй. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 12:00 цагт орон даяар төрийн бүх албан хаагч эмгэнэл илэрхийлж, нэг минут зогсож хүндэтгэл илэрхийлэв.