Н.Жокович бэртлийн улмаас хагас шигшээг орхижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-25 11:31:02

МЕЛЬБУРН, 2025 оны нэгдүгээр сарын 25 /CNN/. Сербийн теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтын дундаас тэмцээнийг орхисноор Германы тамирчин Александр Зверев тус тэмцээний финалын шатанд анх удаа шалгарлаа.


“Мельбурн Парк” спорт цогцолборт баасан гаргийн үдээс хойш болсон тоглолтын үеэр дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй А.Зверев эхний сетийг нэг цаг 21 минутын хугацаанд 7:6 харьцаагаар хожсоны дараа Н.Жокович тоглолтыг орхижээ.


Ингэснээр 27 настай герман теннисчин ням гаргийн орой болох финалын тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч, өмнөх тэмцээний аварга Янник Синнер, чансааны 21-т бичигдэж буй Америкийн теннисчин Бен Шелтон нарын хожсонтой нь тоглохоор болсон байна.   


Н.Жокович зүүн хөлний булчин нь гэмтсэний улмаас гэнэт тоглолтыг орхижээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, эхний сетийн төгсгөлд би улам их өвдөлт мэдэрч эхэлсэн, харамсалтай төгсгөл байлаа, гэхдээ би оролдож үзлээ шүү дээ хэмээн ярьжээ.


Энэхүү тэмцээнээс “Их дуулга”-ын 25 дахь цом, Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ ивээл болдог тэмцээнүүдийн 100 дахь түрүүгээ авахыг зорьж байсан Н.Жокович шөвгийн наймд Карлос Алькарасыг ялсан тоглолтынхоо үеэр эмнэлгийн тусламж авсан юм.


Баасан гаргийн орой Я.Синнер Б.Шелтоныг 7-6 (2), 6-2, 6-2 харьцаагаар буулган авснаар финалын шатанд шалгарсан байна.     

Холбоотой мэдээ