БУЛГАН: Гүйлтийн тэшүүрийн анхны гавьяат цолыг Сайхан сумын харьяат Л.Цэнд хүртэж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин ОУХМ Баттулгын Гэрэлтуяагийн нэрэмжит Гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус тэмцээний 5-18 насны ангилалд 80 гаруй тамирчид 120 багц медаль, цомын төлөө өрсөлдсөн байна.
"Өргөн сэлэнгээс өвлийн олимпод" уриатай гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон аймгийн Боловсролын газар, Биеийн тамир спортын газар, Булган сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Аймгийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээнд ОУХМ Б.Гэрэлтуяа болон түүний аав ээж ахан дүүс ангийн хамт олон мөн дасгалжуулагч багш гүйлтийн тэшүүрийн спортын мастер Б.Тулга, Зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчид, Сэлэнгэ сумын харьяат үе үеийн тэшүүрийн спортын мастерууд шилдэг тамирчид орон нутгийн удирдлагууд урилгаар оролцлоо.
Хүндэт зочид төлөөлөгчид тамирчдадаа зориулан Зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин Спортын мастер М.Борхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ, 500 метрийн рекордчин Г.Мөнх-Эрдэнэ, Булган аймгийн Баяннуур сумын тамирчин Спортын мастер Т.Тэмүүлэн, Булган аймгийн Баяннуур сумын тамирчин Спортын дэд мастер Г.Гантигмаа нар үзүүлэх тоглолт хийсэн нь бахархалтай сайхан төдийгүй хүүхэд багачуудад бишрэн дурлах, хүндэтгэн хайрлах, өвлөн хөгжүүлэх хүсэл тэмүүллийн галыг нь бадрааж өглөө.
Тус тэмцээнийг зохион байгуулж буй Булган аймгийн Сэлэнгэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.Хишигсүрэн Тэшүүрийн спортын анхны гавьяатыг төрүүлсэн Булган аймгийн 22 сургуулиас 80 тамирчин гүйлтийн тэшүүрийн спортоор хичээллэж, энэ спортын өвийг тээн хөгжүүлж буйг дурдаад цаашид бодлого боловсруулан хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатайг онцоллоо. Мөн Баяннуур сумын Ё.Пүрэвдорж дасгалжуулагчтай баг хамгийн бяцхан 5 настай тамирчнаа сойж, Мягмардорж ахлагчтай Хишиг-Өндөр сургуулийн баг энэ тэмцээний халуун бамбарын асааж, Гүндэгмаа дасгалжуулагчтай Сэлэнгэ сумын ЕБС-ийн бага насны тамирчдын тоо эрс өссөн зэрэг ололт амжилтуудыг ч дурдлаа.
Ташрамд, Булган аймаг тэшүүрийн спортын хоёр гавьяат тамирчинтай бөгөөд хоёулаа Сайхан сумынх. Монгол улсын тэшүүрийн спортын анхны гавьяат тамирчин Лувсаншаравын Цэнд нь тэшүүрийн спортоор 53 жил хичээллэсэн, өвлийн олимпод дөрвөн удаа оролцсон, спортын мастер, дасгалжуулагч, БНМАУ-ын спортын гавьяат мастер цолыг 1970 онд хүртэж байсан бол Лувсанлхагвын Дашням 1971 онд БНМАУ-ын спортын гавьяат мастер цолоо хүртэж байжээ.
БНМАУ-ын үед спортын гавьяат мастер (СГМ) гэж нэрийдэн 1960 оноос олгож эхэлжээ. Спортын гавьяат мастер цолыг анх Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын харьяат үндэсний бөх Б.Түдэндорж хүртэж байсан бол 1971 онд тэшүүрийн спортын төрлөөр анхны гавьяат цолыг мөн Булган аймгийн Сайхан сумын харьяат Л.Цэнд хүртсэн байна. 1960-1991 онд Өвөрхангайн Нарийнтээлийн харьяат Дашдоржийн Цэрэнтогтох 44 дэх удаагийн цолтон болж нэгэн үе дуусчээ.
Монгол Улсын
үед 1992 оноос гавьяат тамирчин хэмээн нэрийдэн Завхан аймгийн Намжилын Баярсайхан
боксчноос эхлээд одоогоор 50 гаруй тамирчин МУГТ цолыг хүртээд байна.