ДАРХАН-УУЛ: Судалгаанд хамрагдсан 30 төлөөлөгчийн 20 хувь нь үндэсний бичгээ сайн мэднэ гэж хариулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хос бичгээр төрийн албан бичгийг хөтлөн явуулах хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулан аймгийн ИТХ-ын ажлын албанаас нийт төлөөлөгчийн дунд үндэсний бичгээ хэр мэдэх талаар судалгаа явуулжээ.
Судалгаанд нийт 40 төлөөлөгч хамрагдахаас 30 төлөөлөгч оролцож, таван төрлийн асуултад хариулт илгээжээ. Үүнээс үзэхэд судалгаанд хамрагдсан нийт төлөөлөгчийн 20 хувь нь үндэсний бичгээ сайн мэднэ гэж хариулсан байна.
Тодруулбал, үндэсний бичиг мэддэг эсэх эхний асуултад 13.3 хувь нь мэдэхгүй, 23.3 хувь нь
дунд зэрэг, 40 хувь нь бага зэрэг, 20 хувь нь сайн, 3.4 хувь нь маш сайн мэднэ
гэжээ.
Харин үндэсний бичгээр уншиж чадах эсэх асуулгад 16.7 хувь нь чадахгүй, 33.3 хувь нь бага зэрэг, 30 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь сайн гэсэн бол бичиж чадах эсэх асуултад 26.7 хувь нь сайн, 26.7 хувь нь дунд зэрэг, 23.3 хувь нь бага зэрэг, 23.3 хувь чадахгүй гэдэг хариултыг илгээсэн байна.
Цаашид
монгол бичгийн сургалтад хамрагдах шаардлагатай эсэхийг тодруулахад 29
төлөөлөгчийн 24.1 хувь нь шаардлагагүй гэсэн бол 75.9 хувь нь үзэж судлах,
сурах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үндэсний бичгийн сургалтыг зохион байгуулж эхэлбэл 32.1 хувь нь танхимаар, 35.7 хувь нь цахимаар, 32.1 хувь бусад хэлбэрээр гэж 28 төлөөлөгч хариулжээ.