Мөсөнд авирах дэлхийн цомын гурав дахь цувралаас гурван медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-03 17:05:13

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын уулчдын холбооны 2025 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах гурав дахь цуврал тэмцээн Францын Шампэйн эн Вануаз хотод болж, манай улс гурван медаль хүртлээ.


Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хурдны төрөлд хос алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа дахин эгшиглүүлсэн бол Н.Хэрлэн хүрэл медаль хүртэв. Ч.Мандахбаярын хувьд дэлхийн цомд гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Харин Н.Хэрлэн дэлхийн цомоос хоёр дахь хүрэл медалиа зүүж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ түрүүллээ. Тэрбээр гурван цувралаас хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар дэлхийн цомыг үргэлжлүүлж байна.


Гурван цувралын дараа эмэгтэйчүүдийн чансааг Н.Сэлэнгэ тэргүүлсэн хэвээр байгаа бол эрэгтэйчүүдийн чансааны хоёр болон гуравдугаар байрт Ч.Мандахбаяр, Н.Хэрлэн нар бичигдэж байгаа юм. 2030 оны өвлийн Олимп болох цэнгэлдэхэд зохион байгуулсан тус тэмцээнд 18 орны 120 шилдэг тамирчин хурд хүч, авхаалж самбаа, арга техникээ сорьжээ.


Дэлхийн цомын дөрөв дэх цуврал тэмцээн АНУ-ын Лонгмонт хотод энэ сарын 21-нд, тав дахь нь Канадын Эдмонтонд 27-нд эхэлнэ. 



Холбоотой мэдээ