Гэр бүлийн зөрчилд санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж буйг судалгаа харуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 3-нд боллоо.
Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” хэмээх сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улс дахь үргүйдлийн тархалт ямар байгааг насны бүлгээр нь танилцуулаад, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг дурдсан юм. Мөн үр шилжүүлэн суулгах үйлчилгээний менежмент болон нөхөн үржихүйн эрх зүйн орчны талаар танилцууллаа. Мөн Хүүхэд гэр бүл судлаач, доктор Х.Баавгай, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ нар Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм.
Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагдсан байна. Гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны өнөөгийн байдал, онцлог, өөрчлөлт, амьдралын мөчлөг, тулгамдаж буй асуудал, уламжлалд хандах хандлага, үнэт зүйл, ураг төрлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн зөрчил, харилцаа, эрх мэдэл, үүрэг, гэр бүлийн хүүхдэд ээлтэй орчны өнөөгийн байдал, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, эрх зүйн орчны хэрэгжилт зэрэг сэдэв рүү судалгааг чиглүүлжээ.
Судалгаанд
хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 буюу 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд
сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин
хүчирхийллийн хохирогчдын 239 буюу 37.4 хувь нь эрэгтэйчүүд, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэйчүүд
аж. Орчин
үеийн гэр бүлд үүсэж буй зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал,
согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрүүгээс үүдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт
авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.