Санторини арал дээр онцгой байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-02-07 07:58:59

АФИН, 2025 оны хоёрдугаар сарын 7 /Reuters/. Грекийн Санторини арал дээр энэ долоо хоногт олон удаа газар хөдөлсөнтэй холбогдуулан онцгой байдал зарлажээ.  Ингэснээр жуулчдын очих дуртай тус арлаас 10 мянга гаруй оршин суугчид, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж байна.


Өнгөрсөн ням гаргаас хойш Санторини болон Аморгос арлын хоорондох далайд олон зуун удаа чичирхийлэл бүртгэгдсэнээс лхагва гаргийн шөнө хамгийн хүчтэй буюу 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.


Арлын зарим хэсэгт хөрс нурах магадлал өндөр байгааг лхагва гарагт эрх баригчид анхааруулсан байна. Улмаар сургуулиудыг түр хааж, аврагчдыг илгээж, оршин суугчдад боомт руу очих, олноор цугларахаас зайлсхийхийг зөвлөжээ. Мөн арал дээр цэргүүд, гал түймэртэй тэмцэх албаныхан, цагдаа нар ирсэн байна.


Уур амьсгалын хямрал, иргэний хамгаалалтын яамнаас мэдэгдсэнээр, оршин суугчдад шаардлагатай тусламжийг үзүүлэх, газар хөдлөлтийн уршгийг арилгах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гуравдугаар сарын 3 хүртэл онцгой байдал тогтоох ажээ.


Грек бол Европ тив дэх газар хөдлөлтөд хамгийн ихээр өртдөг орнуудын нэг бөгөөд энэ өдрүүдэд газар хөдлөлтийн идэвхжил урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, ийм нөхцөл байдал олон долоо хоног, сарын турш үргэлжилж магадгүй байна.


Санторини арал МЭӨ 1600 оны орчимд болсон галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа одоогийн хэлбэр төрхөндөө оржээ.



Холбоотой мэдээ