COP17-г зохион байгуулах Үндэсний хороо анхдугаар хуралдаанаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороог байгуулаад буй.
Тус хорооны анхдугаар хуралдаан Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд энэ сарын 6-нд болов. Хуралдааныг нээж тус Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Үндэсний хорооны дэд дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар үг хэлж, холбогдох яамдын ахлах албан тушаалтнууд, Үндэсний хорооны гишүүд оролцов. Энэ үеэр ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ Бага хурлын Бэлтгэл ажлын алба болон БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй бэлтгэл ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Мөн тус хуралдаанаар Үндэсний хорооны ажиллах журмын төслийг хэлэлцэн батлав.
Гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо
хүлээн авч зохион байгуулах шалгуурыг хангаж, эрхийг олж авсан нь Монгол Улсын
олон улсын тавцан дээрх нэр хүнд өсөж, олон улсын энх тайван, аюулгүй байдал,
тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр
Монгол Улс тодорхой хувь нэмэр оруулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж
буйн илрэл болохыг дурдаад, ирэх 2026 онд энэхүү чухал олон улсын арга хэмжээг
амжилттай зохион байгуулахын төлөө Монгол Улсын Засгийн газар уялдаа холбоотой,
шуурхай ажиллах шаардлагатайг онцлов. Чингэхдээ хувийн хэвшлийг тодорхой
мэдээллээр хангаж, хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэв.
Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, газар хөрсний салбарын дотоодын бодлого, үйл ажиллагааг олон улсын стандарт, жишигт нийцүүлэхэд томоохон түлхэц болохоос гадна Монгол Улсын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах ач холбогдолтой гэж ГХЯ-наас мэдээллээ.