Косовогийн сонгуульд эрх баригч нам ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-10 11:40:18

ПРИШТИНА, 2025 оны хоёрдугаар сарын 10 /АР/. Косовод ням гарагт парламентын сонгууль боллоо. Саналын хуудсын 73 хувийг тоолсны дараах байдлаар Ерөнхий сайд Альбин Куртийн эрх баригч “Өөрийгөө тодорхойлох нь” нам 42 хувийн санал авч, тэргүүлж байна гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ. 


Сөрөг хүчний “Косовогийн Ардчилсан нам”, “Косовогийн Ардчилсан холбоо” намууд тус тус 22.7, 17.9 хувийн санал авснаар хоёр, гуравдугаарт бичигдэж байна. Сөрөг хүчний өөр нэг нам болох Ерөнхий сайд асан Рамуш Харадинаягийн “Косовогийн ирээдүйн төлөөх холбоо” нам 7.6 хувийн санал авч, дөрөвдүгээрт оржээ.


“Ард түмэн яллаа. “Өөрийгөө тодорхойлох нь” нам яллаа. Бид бол дараагийн Засгийн газрыг байгуулах улс төрийн хүчин" гэж Курти мэдэгджээ. Үүний зэрэгцээ, эрх баригч нам засгийн газрыг бие даан эмхлэн байгуулахын тулд 50-иас дээш хувийн санал авах шаардлагатай. Эс бөгөөс тус нам Өрнөдтэй тогтоосон Косовогийн харилцааг эргэн харж, Сербитэй хийж буй яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийг зорьж буй сөрөг хүчний намуудтай эвсэхээс аргагүйд хүрнэ.


Сербийн талаар баримталж буй А.Куртигийн бодлого

А.Куртийн засгийн газар Косовогийн хойд нутагт амьдардаг серб үндэстний цөөнхийн талаар хатуу бодлого баримталж, бүс нутагт хяналтаа өргөжүүлсээр байгаа юм. Тухайлбал, Косовогийн сербүүдэд Сербийн мөнгөн тэмдэгт болох динар хэрэглэхийг, мөн Сербиэс мөнгөн гуйвуулга хүлээж авахыг хоригложээ. Энэхүү бодлого нь Европын Холбоо ба АНУ-ын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсний зэрэгцээ Косово, Сербийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. 


Европын Холбооны эрх баригчид Косовод хэрэгжүүлж буй хэд хэдэн төслийн санхүүжилтийг зогсоож, хойд нутагт хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахыг шаарджээ. АНУ-ын эрх баригчид мөн Косовод хэрэгжүүлж буй янз бүрийн төслүүдэд Олон улсын хөгжлийн агентлагаар (USAID) дамжуулан олгодог санхүүжилтийг  90 хоногийн хугацаагаар зогсоосон юм. 


Косовогийн статус

Европын Холбоонд /ЕХ/ элсэх хүсэлтээ Косово өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор гаргасан бол Серби 2009 онд хүсэлтээ өгсөн байна. Харин ЕХ-нд нэгдэх эсэх нь хоёр тал харилцаагаа хэрхэн зохицуулахаас шууд хамаарна гэдгийг Өрнөдийнхэн хоёр улсад ойлгуулсан гэж хэвлэлүүд бичжээ. Испани, Кипр, Грек, Румын гэсэн ЕХ-ны гишүүн таван улс, мөн Серби, Орос зэрэг хэд хэдэн улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ