Б.Батхишиг: Хүн эдгэхийн тулд зорилготой байх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-11 11:08:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Барилгын зөвлөх инженер, уулчин, дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд 2024 онд авирсан, анхны монгол эмэгтэй Б.Батхишиг Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрүүдийн үеэр хавдраа хэрхэн даван туулсан туршлагаа хуваалцлаа.


Дугуй унах, волейбол тоглох, ууланд алхах зэрэг олон сонирхолтой тэрбээр 2006 оноос хойш нутгийнхаа болон олон улсын нэлээд оргилд авирсан. Гэвч хөхний хорт хавдартай гэх оношийг 2023 онд сонссоноос хойш түүний амьдрал өөрчлөгджээ.


Анх оношоо сонсоод хүчтэй байх гэж хичээсэн ч "Яагаад би гэж?" хэмээн өөрөөсөө асууж хямран, хэсэгтээ л сэтгэл санаагаар унаж. Харин хэсэг хугацааны дараа өөрийгөө хүлээн зөвшөөрч би эдгэнэ, болгоно, бүтээнэ гэсэн зорилготой болж, хоёр өдөр амьдрах байсан ч дуртай юмаа хийнэ гэж өөртөө амлажээ.


Хавдраа даван туулсан талаар Б.Батхишиг ярихдаа, "Хүн дуртай юмаа хийж, сэтгэл санаагаа чөлөөлж байж эдгэрдэг гэж боддог.

Өвдсөнийхөө дараа ууланд авирахаа орхиогүй ч шинэ хоббитой болсон. Энэ нь бүжиг. Одоо ч сонирхлоороо бүжиглэж, бичлэгээ тиктокт тавьдаг.

Би хүмүүст “Бүжигчин биш ч бүжиглэж эдгэсэн” гэж хэлэх дуртай. Бүжиг миний эрч хүчийг сэргээж, энергийг цэнэглэдэг. Хүн эдгэхийн тулд зорилготой байх хэрэгтэй. Би хавдраа ялан дийлж, мөрөөдөл болсон, дэлхийн найм дахь ноён оргил Манаслуд авирсан.

Цаашид ч зорилгоо биелүүлж, бусад мөрөөдлөө биелүүлэхээр төлөвлөөд байна" гэв.


Тэрбээр 2006 оноос ууланд авирч эхэлсэн бөгөөд далайн түвшнээс дээш 8516 метрийн өндөрт орших, Төвөдийн Лхоце ууланд 2023 онд, харин Гималайн нуруудын нэг, дэлхийн найм дахь оргил, 8163 метрийн өндөр Манаслуд өнгөрсөн онд авирчээ. 

Холбоотой мэдээ