ОРХОН: Сүү, цагаан идээний нийлүүлэлт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 12/МОНЦАМЭ/. Орхон аймаг албан тоогоороо 120000 гаруй хүн амтай нийт иргэдийн дийлэнх нь хүнсний зах, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлдэг.
Харин Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Хүлэг хүнсний захаар үйлчлүүлэх нь их болдог. Өнөөдрийн хувьд тус захын сүү, цагаан идээний тасагт ааруул аарцны болон сүүн хурууд гэсэн хоёр янзаар худалдаж байна. Аарцны ааруул 35000, сүүн хурууд 40000-45000, тавгийн ааруул идээ багцаараа 400000, Булганы Могод, Сайхан сумын айраг нэг литр нь 10000, ээзгийтэй хайлсан тос 25000, шар тос нэг кг нь 9000-10000 төгрөгөөр худалдаж байна. Орхон аймгийн иргэдийг цагаан идээгээр хангадаг тус захын дийлэнх бүтээгдэхүүн Архангай аймгийн Өндөр улаан, Чулуут, Жаргалант сум болон хөрш зэргэлдээ Булган аймгаас нийлүүлж байна.