Нийгмийн салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол тухайн хуулийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав.
УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах
үеэрээ ЕБС-ийн ахлах ангийн
сурагчидтай уулзаж, суралцах орчин, материаллаг баазын хүртээмж, сургалтын
хөтөлбөр, хэрэглэгдэхүүний хүрээнд тулгамдаж буй асуудлыг сонссон юм.
Зүүнхангай сумын сургууль 320 хүүхдийн багтаамжтай ч одоогоор 500 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын
сангийн хүрэлцээ бага, сургуульд хоолны танхим байхгүйгээс үдийн цайгаа гал тогооноос ангидаа зөөж хооллодог гэж сурагчид ярьж байв. УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэй эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод, холбогдох шийдлийг хэрэгжүүлэхийг орон
нутгийн удирдлагуудад даалгалаа.
Тэрбээр Зүүнхангай сумын иргэд, олон нийттэй уулзаж,
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд болон парламентаас
дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэдээлэл өглөө. Хүний эрхийг дээдэлсэн,
төрийн үйл ажиллагааг бус иргэний асуудлыг шийддэг, цаг үеийнхээ шаардлагад
нийцэхүйц иж бүрэн хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь “Гурван төгөлдөршил”
бодлогын үндсэн зорилтууд гэлээ. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл бүхий шинэ
парламентын гишүүдийг ажлын хэсэгт хуваарилан, салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол тухайн хуулийг
шинэчлэх ажлыг эхлүүлснийг тодотгов.
Улаанбаатар хотоос 1100 гаруй км-ийн зайд орших Зүүнхангай сум эрс тэс уур амьсгалтайн зэрэгцээ зах зээлээс алслагдсан тул үнийн өсөлт тулгамдсан асуудлын нэг болсныг нутгийн иргэд хэлж байлаа. Зарим газар дэд бүтэц сул хөгжсөний улмаас сумынхан өвөлдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, цаашлаад боловсон хүчин ч дутмаг байгааг хөндөн ярилаа. Малчдын хувьд нэг удаа зээл тэглэхээс илүү урт хугацаанд мах экспортлох боломжийг нээж өгөх нь бодитой дэмжлэг гэдгийг тодотгов. Нийслэлийн зах зээл рүү нийлүүлэхэд тээврийн зардал, шатахууны өртөг ихтэй учир Арцсуурийн боомтыг өргөжүүлж, авто замын холболт хийснээр залуу малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал ажил болно гэдэгтэй санал нэгтэй байлаа.
Увс аймгийн
хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг
хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Зүүнхангай сумын нутагт хөв цөөрөм
байгуулах замаар усжуулалтын системийг шийдвэрлэж чадвал малын тэжээлээ өөрсдөө
тариалахаас эхлээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх
боломжтойг орон нутгийн иргэд онцолсон юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, алслагдсан сумдад ажиллах үеэр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах саналыг иргэдээс нийтлэг дэвшүүлж байгааг тодотгоод, малчдын хувьд ч ялгаагүй малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг өрхийн хэмжээнд сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн хоршоологчдын сайн жишгээс дурдав. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.